Мэндчилгээ

Дорнод Монголын уудам цэлгэр талд өгөөмөр сайхан Хэрлэн мөрний эрэг дээр гал голомтоо асаасан Дорнод аймаг дахь гаалийн газрын хамт олон эрт эдүүгээгийн гурван цагийн холбоос, түүхийн үргэлжлэл болон оршиж намрын найртай дэлгэр цагийг сонгон авч 105 жилийн ойгоо ёслон тэмдэглэж байгаа бөгөөд ахмад гаальчид, өнөөдөр гаалийн албанд зүтгэж буй гаальчид болон бидний урилгаар морилон ирсэн гадаад, дотоодын төлөөлөгч та бүхэндээ болон хамтран ажилладаг нийт байгууллага, аж ахуйн нэгж, нийт Дорнодчууд та бүхэндээ халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, айл гэр, хүн бүрт аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    

Олноо өргөгдсөний 2 /1912/-зуны тэргүүн /6/  сарын 8-нд Сангийн яамны харьяанд Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх яам байгуулан Сангийн яамны дэд сайд биширэлт засаг, бэйлийн зэрэг, хошууны бэйл Доржцэрэнг Богд хааны зарлигаар сайдаар томилсон бөгөөд гаалийн хэргийг туслалцан шийтгэхээр дэс түшмэл ачит, тойн Лувсанжамбыг томилсон юм. Энэ цагаас гуравхан сарын дараа олноо өргөгдсөний 2/1912/-намрын эхэн /9/ сард ачит тойн, дэд сайд Лувсанжамба анхны томилолтоо авсан билээ. Хаант төрийн эрхэм элчийн томилолтын гол зорилго нь зүүн хязгаарыг тохинуулах, гааль хураах ажлыг зохион байгуулж төрийн санг арвижуулах, шинэхэн байгуулагдсан Богд хаант Монгол улсынхаа эдийн засгийн тусгаар тогтнолыг хамгаалах зорилгоор зүүн хязгаар буюу Барга Хөлөнбуйрын зүг мордсон нь үнэн билээ. Тиймээс бид 1911 онд ялсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр  байгуулагдсан    Богд  хаант  Монгол  улсын засгийн газрын ГХЕШЯ-ны тойн, дэд сайд Лувсанжамбын “Манжуур, Хайлаарын  замд  сууж  гааль хураах  хороо”  дамжин  заавар зөвөлгөө өгөн цааш Хөлөнбуйрын зүг явсан цаг үеэс он дараалалаа тоолж байна. Улмаар 1922 оны 3-р сард зүүн хязгаарыг тохинуулах ардын  засгийн  төлөөлөгч   Засгийн  газрын  шийдвэрээр Хэрлэн голын хойт эрэг Ачит засгийн хошууны Гурванбаян дахь Хайлаар, Манжуурын замын гаалийн хороог шинэчлэн байгуулсан бөгөөд энэхүү гааль нь жинхэнэ ардын төрийн гааль байлаа.

Эх орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын баталгааг хангахад гаалийн байгууллага, гаальчдын гүйцэтгэх үүрэг, эрхэм зорилт, хариуцлага, жил бүр өсөн нэмэгдэж байна. Өнөөдөр гаалийн байгууллага хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж үйлчилгээгээ шуурхай боловсронгүй болгох элдэв чирэгдлийг багасгахад анхааран ажиллаж байна.Гаальчид бид төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж гаалийн байгууллагын өмнө тавигдаж байгаа бодлого зорилтыг хэрэгжүүлхийн төлөө эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнчээр ажиллаж хөдөлмөрлөж явна.

Та бүхэндээ Дорнод аймаг Гаалийн газар үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

 

           ДОРНОД АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА   Б.ВИНТОВ

                                             2017 ОНЫ 09-Р САРЫН 08

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *