ОЛОН УЛСЫН ГААЛИЙН ӨДӨР 2021.01.26-НЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

Дэлхийн гаалийн байгууллагаас ирүүлсэн мессеж

2021 оны Олон улсын гаалийн өдөр

Эхлэх цаг: 2021 оны 1 дүгээр сарын 26, Төв Европын цагаар: 09:00

Гаалийн хамтын нийгэмлэг, жил бүрийн 1 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор тохиодог Олон улсын гаалийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр нэгдэж, (өнөөдөр) бас дахин цугларч байна. Энэхүү онцгой өдөр ДГБ-ын Гишүүд, ДГБ-ын Нарийн бичгийн даргын газар, Гаалийн байгууллагын түнш байгууллагууд тодорхой нэг уриа дэвшүүлэн ажилладаг. Гаалийн хамтын нийгэмлэг 2021 оны турш “Бараа нийлүүлэх сүлжээг тогтвортой болгох зорилгоор сэргээн босгох, шинэчлэх, хэвийн байдлыг хангах арга хэмжээг дэмжин ажиллаж буй гаалийн байгууллага” гэсэн уриан дор дэлхий нийтийг хамарсан цар тахлаас ангижрахад анхаарч, бараа нийлүүлэх дэлхийн (олон улсын) сүлжээг бэхжүүлэх, хамтын хүчин чармайлтыг бататгах, шинэ технологи ашиглах, өөрчлөлтийн төвд “хүн”-ийг тавих замаар хүмүүс болон бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах болно. Гаалийн байгууллагууд COVID-19-ийн дараа сэргээн босголтын ажилд орох нь гарцаагүй тул Гишүүд үйл ажиллагаагаа автоматжуулах, инновацийн технологи ашиглах, бараа нийлүүлэх сүлжээнд оролцогч бүх талуудтай хүч хавсран ажиллах аргыг нэвтрүүлэхэд онцгой анхаарч, хил дээр дижитал хувьсал (өөрчлөлт) хийхийг уриалж байна.Гаалийн байгууллагууд хил дээр ажиллах онцгой үүрэг хүлээсэн байдаг тул бараа нийлүүлэх сүлжээний тогтвортой байдлыг хангахад дараах байдлаар хувь нэмэр оруулах боломжтой:- Сэргээн босгох үйл явцыг жолоодох хамтын хүчийг дэмжин ажиллах. Цар тахал нь бараа нийлүүлэх дэлхийн (олон улсын) сүлжээг эвдэж, компаниудыг эдийн засгийн хувьд хүнд байдал оруулаад байна. Сэргээн босголтын нүсэр том ажил биднээс тусдаа хийгдэх боломжгүй бөгөөд хилийн бүх албадын болон олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаа эрхлэгч талуудын мэргэжлийн ур чадвар нь чухал нөлөөтэй байх болно. Гаалийн байгууллагууд энэ үйл явцыг үндэсний болон олон улсын түвшинд манлайлан ажиллахыг уриалж байна. COVID-19-ийн хямрал нь хилийн зохицуулалттай менежмент бол хамгийн боломжийн, үр ашигтай механизм бөгөөд цаашлаад түүнийг олон улсын болон үндэсний түвшинд институтчилж болох юм байна гэдгийг харуулсан. Энэ утгаар Аюулгүй байдлын багц стандарт, түүний дотор Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн стандартыг оновчтой хэрэгжүүлэх, мөн төрийн бусад байгууллагатай хамтран ажиллах явдалд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. COVID-19-ийн үеэр цахим худалдаа өргөжин хөгжсөнөөс үзэхэд Гишүүд бараа нийлүүлэх сүлжээний энэ шинэ чиг хандлагын аюулгүй байдлыг хангах, түүнийг хөнгөвчлөх зорилгоор, оролцогч талуудтай нягт хамтран ажиллах замаар ДГБ-ын Хил дамнасан цахим худалдааны багц стандартыг хэрэгжүүлбэл цаг үеэ олсон хэрэг болно.- Өмнөх байдалдаа эргэн орохоос илүүтэй шинэчлэл хийх зорилгоор дэвшилтэт технологи нэвтрүүлэх. COVID-19 цар тахал нь ДГБ-аас олон жилийн турш дэмжиж ирсэн инноваци болон технологийн үндсэн концепцууд тун ач холбогдолтой болохыг харуулсан билээ. Үүнд бүрэн хэмжээний дижитал болон цаасгүй бүрдүүлэлтийн аргууд, мөн хяналт шалгалтыг үр дүнтэй болгох, горим журмыг хөнгөвчлөх, боловсронгуй болгох, хурдасгах технологи ашиглах явдал хамаарна. Цар тахлаас үл хамааран гаалийн байгууллагууд нарийн мэргэшлийн форум болон бага хурлаар дамжуулан, их өгөгдөл, телематик, үүл (cloud)-ийг гаалийн үйл ажиллагаанд ашиглах явдалд суурилсан технологийн интеграцчиллаас олж болох ашиг тусын талаар мэдэрсэн. Гаалийн байгууллагууд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан барааны бүрдүүлэлт хил дээр хэрхэн явагдаж байгаа байдлыг шинэ өнцгөөс харах хэрэгтэй. Ачааг задлахгүйгээр шалгадаг хэрэгсэл (рентген төхөөрөмж), блокчэйн, хиймэл оюун ухаан, мэдрэгч ба тэдгээрт холбогдсон объектууд болон технологийн өөр бусад хөгжил дэвшил нь мэдээлэл цуглуулах, нэгтгэх, солилцох, дүн шинжилгээ хийх тал дээр бодит үр өгөөжийг өгдөг бөгөөд эдгээр давуу талыг хамгийн дээд хэмжээнд байлгах хэрэгтэй.- Цар тахал зэрэг үргэлжийн эрсдэлд өртөх гаалийн байгууллагын эмзэг байдлыг арилгах зорилгоор бараа нийлүүлэх сүлжээний хэвийн байдлыг, мөн тогтвортой байдлыг хангах өөрчлөлтийн төвд “хүмүүс”-ийг тавих. Гаалийн байгууллагууд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, гүн гүнзгий хувьсал (өөрчлөлт) хийхээр урагшлах замд хэн ч хоцорч үлдэхгүй байх нөхцөлийг хангахыг уриалж байна. Хэвийн байдлыг дээд зэргээр хангахын тулд “хүмүүс” сэргээн босгох загварын төвд байх ёстой. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа иргэд шинэ бодит байдалд дасан зохицохын тулд өдөр тутмын амьдралаа эрс өөрчилсөн. Үүний нэгэн адил гаалийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж буй арга замаа эргэн харах, өөрчлөх, гаалийн ажилтнууд мэргэшлийн үйлчилгээ үзүүлэх үүднээс мэдлэг боловсролоо дээшлүүлэх, чадвараа бэхжүүлэх замаар бэлэн байдлаа дээшлүүлэхийг уриалж байна. Үүний зэрэгцээ ариун шударга байдал, олон талт үзэл бодол, бүгдийн оролцоогүйгээр хэвийн байдлыг хангах боломжгүй юм. Гаалийн байгууллагын ариун шударга байдал алдагдвал худалдаа эрхлэх, хөрөнгө оруулалт хийх боломж гажих, төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл буурах, эцэст нь иргэдийн сайн сайхан байдалд аюул учруулах уршигтай байх бөгөөд энэ нь сэргээн босголтын үеийн бүтэлгүйтлийн жор болж магадгүй юм.Гишүүд дээрх зорилгод хүрэхэд нь дэмжлэг болох зорилгоор ДГБ заавар чиглэл өгөх, шилдэг туршлага, мэдээллээр хангах, чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.Өмнөх жилүүдийн адил гаалийн байгууллагууд, түүнээс арай өргөн хүрээтэй болох гаалийн хамтын нийгэмлэг нь ДГБ-ын хуралдаанууд болон ДГБ-ын гол хэвлэлүүдээр дамжуулан холбогдох практик, үйл ажиллагаагаа хуваалцах зэргээр “бараа нийлүүлэх сүлжээг тогтвортой болгох үүднээс сэргээн босгох, шинэчлэх, хэвийн байдлыг хангах арга хэмжээ”-г дэмжин ажиллахад чиглэсэн хүчин чармайлт, үйл ажиллагаагааг идэвхтэй өрнүүлэх үүрэг хүлээж, өөрсдийгөө өндөрт байлгана гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Та бүгдэд олон улсын гаалийн өдрийн мэндийг хүргэе!

Доктор Кунио Микурия

ДХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2021 оны 1 дүгээр сарын 26