
1921-1923 онд “Эрээнцав” , Хөх нуурын “-ын гааль түрээс эрхлэх газарт Хятадын “Хайлаар Оросын Борзя хотоос хувийн наймаачид хөсөг тэргээр явж бараа түүхий эд авчирч худалдаад манайхаас мал аж ахуйн бүтээгдхүүн авч явдаг байжээ.
Эрээнцавын гаалийн салбар нь монголын зүүн хязгаарт үүсч байсан үндэсний ууган гаалийн байгууллагуудын нэг юм. Монгол, Орос, Хятадын хилийн зангилаа “Эрээнцав”, “Хөх нуурын гааль түрэсийг эрхлэх газарт эрхэлгчээр ажиллаж байсан Довчины Төмөргарьд гуайн 1970 аад онд дурсан ярьснаас үзэхэд, Эрээнцавын гаалийн салбар үүсч хөгжсөн эхлэл Богд хаант монгол улсын үед тавигджээ гэсэн дүгнэлтэд хүрч байна.
1930-аад оноос хилээр нэвтрэх бараа түүхий эд ганцхан чиглэлтэй болж Монгол улсын хилийн боомтууд замын-үүдээс бусад нь цөм Зөвлөлт-Монголын хилийн дагуу болсоны нэг нь Эрээнцав дахь гаалийн хороо байв. 1938 онд зөвлөлтийн арван мянган эр гаруй цэрэг Эрээнцаваар орж ирсэн албан мэдээ бий.
Эрээнцавын боомтын үйл ажиллагааг 1932 онд эхэлсэн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Манай боомтыг цэрэг дайны зориулалттай нээгдсэн гэж үздэг. 1930-аад оноос Монгол зөвлөлтийн хилийн дагуух боомтын тоог хязгаарлахад Эрээнцав боомт үлдэж байсан түүхтэй. Дайны үеийн болон энх цагийн бүтээн байгуулалтын хөгжил цэцэглэлтийн хувьд зүүн хязгаарын энэ боомтын үүрэг роль асар их байсан бөгөөд 1990-ээд он хүртэл энэ боомтоор зүүн гурван аймгийн мал сүрэг, амьд мал экспортод нилээд ихээр гарч байсан.
1970-аад онд авто замаар оросын цэргийн болон бусад ачаа, улсын фондын өвсийг оросын нутгаар дамжуулан Улаанбаатар хот хүртэл зөөх зэрэг ажилд хяналт тавьж ажиллаж байсан. Тухайн үед оросын талаас 1990 он хүртэл техник тоног төхөөрөмж, түлш шатахуун, мазут зэрэг ачаа орж ирдэг. Монгол талаас ураны хүдэр, өнгөт металл, адуу, үхрийн мах, дайвар бүтээгдхүүн гаргадаг байв. Хил орчмын худалдаагаар орос талаас Гигант, Новая заря зэрэг хамтралууд монголын нутагт малаа оторлуулж хадлан хадаж авдаг байв. Төмөр замаар өдөрт 2 талаас 4 хос ачааны галт тэрэг, дунджаар 200 гаруй ачааны вагон явдаг байсан. Суудлын вагон Москва-Баянтүмэний чиглэлд 2 удаа, Чита- Баянтүмэний чиглэлд 1 удаа, Краснокаменскийн чиглэлд 1 удаа явдаг байсан ба түүгээр зорчиж байсан хүмүүс нь ихэвчлэн Мардай тосгонд ажиллаж байсан оросууд байсан. Жилдээ 6 сарын эхний 15 хоногоос 8-р сарын дунд хүртэл хугацаанд хоногт найман суудлын вагон дүүрэн зорчигчтой явдаг байсан.
Эрээнцавын гааль нь 1960-1990 оныг хүртэл хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл зорчигчийн хөдөлгөөн их байлаа. Хил гаалиар үйлчлүүлэгчид нь авто зам төмөр зам гэсэн 2 урсгалаар нэвтэрдэг байсан. Энэ урсгалаар зүүн гурван аймгийн өргөн хэрэглээний бараа нефть бүтээгдхүүн хийгээд малыг ЗХУ-д хөлөөр экспортлох Скот импорт гэсэн нэртэй оросын байгууллага Эрээнцавын Мандал овоод мал хүлээн авч вагоноор болон хөлөөр ачин нэвтрүүлж байсан. Тухайн үед Эрээнцавт оросын иргэд олноор ажил үйлчилгээ явуулж байсан бөгөөд оросын худалдаааны байгууллага, барилга, геологи, уул уурхай, цэргийн дивизийн ажилчин албан хаагчдын хөдөлгөөн их байв.
Эрээнцавын салбарын эрхлэгч байсан Ж. Ухнаа гуай нэг өдрийн дотор нэвтэрч байсан хилийн хөдөлгөөний мэдээний талаар дараах тоо баримтыг өгүүлсэн байдаг. Үүнд: Тухайн үед төмөр замаар талдаа 4 вагон нийт 8 вагон нэвтэрч зарим үед хоногтоо 10 суудал, Чита- Москва, Борзя- Орон нутгийн Баянтүмэн гэсэн суудлаар 200-300 орчим зорчин явагч нэвтэрч гаалийн салбарын үйл ажиллагаа ачаалал ихтэй явагдаж байлаа. Өнөөдрийн байдлаар Эрээнцавын салбар маань авто болон төмөр замын гэсэн 2 хяналтын бүсэд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын “А” зэрэглэлийн 24 цагийн горимд үйл ажиллагаа явуулдаг боомт юм. Орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Тухайлбал: Гаалийн шинэчлэлийн төслийн хүрээнд гаалийн хяналтын бүсэд өндөр нягтрал бүхий камерын иж бүрэн төхөөрөмж тавигдсан. 2020 онд орон нутгийн төсвөөс 80 сая төгрөгөөр санхүүжүүлж боомтын барилгын өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулсан. 2021 онд гаалийн салбар өндөр хурдны найдваржил өндөртэй шилэн кабельд бүрэн холбогдсон. Мөн гаалийн хяналтын хэрэгсэл 150 тн-ын пүү, бага оврын рентген төхөөрөмж суурилуулсан. 2021 онд гадна хяналтын бүсийн гадна талбайн гэрэлтүүлэгээр бүрэн хангагдсан.

Манай салбар эрсдэлд суурилсан гаалийн хяналт шалгалтыг нэвтрүүлэх гаалийн байгууллагын дэвшүүлсэн зорилго зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө салбарын хамт олон хүч чармайлтаа тавин ажиллаж байна.
Засгийн газрын 2018 оны 171- р тогтоолоор Эрээнцав боомтыг Дорнод аймаг болон бусад сумадтай холбосон “Аялал жуулчлалын гол чиглэл батлагдсан. Шинэ сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн 6 чиглэлийн хүрээнд, тухайлбал: Эрээнцав-Баянтүмэний төв коридорыг хос замтай болгох ажил, барилгын материал, уул уурхайн тоног төхөөрөмж бусад шаардлагтай бараа материал тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл зэргийг авто болон төмөр замаар тээвэрлэн оруулж ирэх зэрэг ажлууд хэрэгжинэ. Өнөөдөр Шинь шинь ХХК-ны цайрын баяжмал, хар тугалганы баяжмал, Каскад манинг ХХК-ны төмрийн баяжмал, цайрын баяжмал экспортоор гарч байна. Дээрхи компанууд өөрийн уурхайд олзворлон савласан бүтээгдхүүнийг тээвэрлэн ирж Улаанбаатар Төмөр замын Баянтүмэн тасаг дахь гаалийн хяналтын бүсэд буулгаж задгай вагонд ачиж төмөр замаар тээвэрлэн хилийн Эрээнцав боомтоор нэвтрүүлж ОХУ-аар дамжуулан БНХАУ-д экспортлож байна.


