Гаалийг хөндлөн гулд тойрсон Гаяа буюу Санжжавын Ганбаатар

ДУРСАМЖ

2017 оны 9 дүгээр сард Сургалтын төвийн багшаар ажиллаж байх үед гаалийн итгэмжит зөвлөх  С.Ганбаатараас ярилцлага авсан бөгөөд энэ эрхэм хүний тухай дурдтгалыг толилуулж байна.

С.Ганбаатар

1958 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод “Бунхан толгой” хэмээх аймгийн зүүн хэсэгт төрж өссөн.Түүний аав Санжжав гуай тэр үеийн худалдааны байгууллага болох “Дамжлага бааз”-д ажиллаж байлаа. С.Ганбаатар нийслэлийн орос 23-р дунд сургуулийн 10-р ангийг 1976 онд төгсөж өөрийн хүсэл сэтгэлээр амьдралыг аль болох багаас нь эхлэхээр шийдэж ОХУ-ын Улаан-Үүд хотын “Ойн техник” Техник мэргэжлийн сургуулийг 1983 онд суралцан төгссөн. Тэрээр 1992 онд Улаанбаатар хотноо тухайн үеийн Политехникийн дээд сургуулийг эрчим хүчний инженер мэргэжлээр, Оросын Холбооны Улсын Гаалийн академийг 2008 онд гаалийн менежмент / хэрэг/ мэргэжлээр тус тус төгссөн ажээ. Энэ нэр хүнд бүхий академидаа “Монгол улсын эдийн засагт гаалийн байгууллагын оруулж байгаа хувь нэмэр” сэдвээр аспирантурт докторын зэрэг хамгаалахаар үргэлжлүүлэн суралцаж байсан. Эдүгээ хараахан цол зэргээ хамгаалж амжаагүй явна. Үүнийгээ эцэст хүргэх бодол түүнд бий.

         Ам бүл гурав, эхнэр хүүгийн хамт амьдардаг. Анх гааль гэдэг их айлд 1993 онд орж түүний амьдралын түүхэн замнал гаальчин хэрхэн яаж явдаг тэр л жишигээр эхлэж байв. Түүний гаалийн байгууллагад томилогдон ажиллаж ирсэн он жилүүдийн түүхэн товчоог жагсаан бичвэл нилээд жагсаалт үүсэх болов уу. 1993-1997 онд Улаанбаатар дахь гаалийн газарт шалгагч, Буянт-Ухаа дахь гаалийн газарт ГУАБ-ээлжийн ахлагчаар, 1997-1999 онд Гаалийн ерөнхий газрын Тамгийн хэлтэст боловсон хүчний асуудал хариуцсан ГУБ-аар, 1999-2000 онд Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар, 2000-2001 онд ГЕГ-ын Тамгийн хэлтэст ГУАБ болон Завхан аймаг дахь гаалийн хорооны даргаар, 2001-2003 онд Баянхонгор аймаг дахь гаалийн байгууллагын даргаар, 2003-2006 онд Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэст ГУБ-аар, Увс аймгийн Боршоо боомтын гаалийн салбарын эрхлэгчээр, 2006-2012 онд Хөвсгөл аймаг дахь гаалийн хорооны даргаар, 2012-2013 онд Дорнод аймаг дахь гаалийн газрын даргаар, 2013 оноос Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын даргаар, 2015 оны 02-р сараас 10-р сар хүртэл БУГГ-т ээлжийн ахлагч ГУАБ-аар, 2015 оны 10-р сараас 2016 оны 11-р сар хүртэл Увс аймаг дахь гаалийн газрын даргаар, 2016 оны 11-р сараас өдгөөг хүртэл ГЕГ-ын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, Сургалт, судалгааны төвд “Багш-ГУБ”-аар ажиллаж байна.

        С.Ганбаатар нь гаалийн байгууллагад шалгагчаас гаалийн газар, хорооны даргаар олон жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллах  хугацаанд Монгол улсын Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, гаалийн удирдах байгууллагаас гаальчдын өмнө тавигдаж байгаа үндсэн зорилт чиглэл, хууль тогтоомжийг удирдлага болгон тэдгээрийг хэрэгжүүлэн биелүүлэх нөр их үйлсэд өөрийн бүхий л хүч чадал, мэдлэг мэргэжлээ дайчлан ажиллаж ирсэн манай тэргүүний удирдах ажилтан гэж манай гаалийн байгууллагын дээд удирдлага үнэлж цэгнэдэг юм билээ.      

        Түүнд гаалийн байгууллагын энэ нэр хүндтэй, хариуцлагатай  албанд хийсэн бүтээсэнийг нь дурдахад нилээд урт жагсаалт гарах байхаа.  Товчлон хүргэсү.

       С.Ганбаатар гаалийн байгууллагын удирдлагын болон хяналт шалгалтын ажил хэрэгт нилээд дадлагажсан ажил мэргэжлийн туршлагатай ажилтан юм. Энэ ч утгаараа 2003 онд Увс аймгийн Боршоо дахь гаалийн салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2 удаагийн үйлдлээр бууны 2000-аад сум гаалийн хилээр нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлсэн, мөн ГЕГ-ын ГХШХ-т гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Говь-Алтай аймгийн Бургастай боомтын түр нээлтийн үеэр 43 тн спирт, 12000 ш ямааны арьс, Ховд аймгийн Булган боомтын түр нээлтийн үеэр 2,3 тн хөнгөн цагаан, 1,5 тн хар төмөр, Дорнод аймаг дахь Хавиргын боомтын түр нээлтийн үеэр 17000 ш тарваганы арьсыг тээврийн хэрэгсэлд нуусан байсныг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь хилийн боомтоор МУ-ын Засгийн газраас хориг тавьсан байхад 20 тн “Барагшуун”-ыг гаальд худал мэдүүлж хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан үйлдлүүдийг тус тус илрүүлэн таслан зогсоож, холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээг авч ажиллаж байжээ. С.Ганбаатар Буянт-Ухаа дахь гаалийн газарт 1993-1997 онд ахлах байцаагчаар ажиллаж байхдаа улсын хилээр хууль бусаар нууж гаргах гэж байсан үлэг гүрвэлийн өндөг илрүүлэн хураасан, мөн ЗамынҮүд дэх гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн хяналт шалгалтын ажлыг оновчтой зохион байгуулж ажилласнаар 80 тонн спирт, 20 тонн ноолуур, 23 тонн зэс, 25 тонн хөнгөн цагаан хилээр нэвтрүүлэх оролдлогыг, Хөвсгөл аймаг дахь гаалийн хорооны даргаар ажиллаж байхдаа 12500 ш калибр бууны сумыг хамт олныхоо хамтаар таслан зогсоож байжээ. Сүүлийн зөрчлийг дурдахад 2015 онд БуянтУхаа гаалийн газарт ээлжийн ахлагч ГУАБ-аар ажиллаж байхдаа  Тагнуулын байгууллагатай хамтарч улсын хилээр оруулах гэж байсан мөсөн хэлбэрт хар тамхи 0,3 граммыг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. С.Ганбаатар Хөвсгөл, Дорнод, Баян-Өлгий, Увс аймгуудын гаалийн газар, хорооны  даргаар ажилласан  жилүүдэд гаалийн болон бусад хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэн, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, олон улсын жишигт ойртуулах, гадаад худалдааг хөнгөвчлөх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтэд мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар нь өнөөгийн тавигдаж буй шаардлагын түвшинд хэрхэн нийцэж байгаад судалгаа хийж тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах, анхан шатны үйл ажиллагаанд уялдуулах, ижилсгэх зэрэг саналуудыг гаалийн удирдах төв байгууллагад уламжлан шийдвэрлүүлж  ажиллаж ирсэн.

        С.Ганбаатар Хөвсгөл аймгийн гаалийн хорооны даргаар болон Дорнод аймаг дахь гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа хилийн боомтуудын онцлогт судалгаа хийж, уг боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөжүүлэх, олон улсын статустай болгох талаар холбогдох дээд шатны байгууллагуудад санал боловсруулан оруулж шийдвэрлүүлж, сүүлийн арваад жил тасраад байсан хөрш зэргэлдээ ОХУ-ын Мондын гаалийн байгууллагатай хамтарсан уулзалтыг зохион байгуулан санал солилцон ажилласан нь үр дүнгээ өгсөн юм. Мөн хилийн боомтуудад гарсан зөрчлийг арилгахад идэвхтэй ажилласан гаалийн байцаагч нарыг урамшуулах, ажлын хариуцлага сулруулсан, хяналт шалгалтын ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн хүмүүст сахилгын арга хэмжээ авах зэрэг асуудлыг ил тод нээлттэй явуулж ажилласны дүнд хамт олныг нягтруулан тэднийг эвсэг найрсаг, ажилсаг хамт олныг бүрдүүлэн ажиллаж ирсэн. С.Ганбаатар нь Баян-Өлгий аймгийн Сагсай суманд орших Даянгийн хилийн улирлын чанартай боловч бараг ажилдаггүй байсан боомтын  тухайд  өөрийн байр сууринаас идэвх санаачлага гарган, Аймгийн засаг захиргаатай хамтарч ажиллан холбогдох төрийн байгууллага, яаманд санал хүргүүлэн ажилласны үр дүнд иргэд, зорчигч нарт зориулж  Даян хилийн боомтыг зуны 4 сар буюу 6-р сарын 01-нээс 10-р сарын 01 хүртэл ажилладаг болгон  шийдвэрлүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч ажилласан. Мөн ажил мэргэшлийн чиглэлээр Цагааннуур дахь хилийн боомтоор нэвтэрч байсан нефть /бензин/ бүтээгдэхүүнээс дээж авч ГЕГ-ын Гаалийн Төв лабораторын дүгнэлтийг гаргуулахад аймгийн нефть импортлогч компаниуд чанарын шаардлага хангахгүй бензин импортоор оруулж ирж байсныг зохих хууль тогтоомжийн дагуу нягтлан шалгаж тогтоогоод Шудрага өрсөлдөөний газар болон бусад холбогдох байгууллагад хандан иргэдэд чанарын шаардлага хангасан нефть /бензин/ бүтээгдэхүүнээр үйлчлүүлдэг болгосон. С.Ганбаатар гаалийн харилцаанд оролцогч олон нийттэй харилцах, мэдээлэл санал солилцох, гаалийн байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгохын тулд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын бие даасан оролцоо, нөлөөллийг идэвхжүүлэн “Нээлттэй хаалганы өдөр”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлье”, “Хар тамхины эсрэг аян”, “Хуулиа сурталчилъя, хуулиа хэрэгжүүлье” аян, “Хориглосон барааны эсрэг” аян, “Эрүүл биед-Саруул ухаан” сэдэвт аян, “Өндөр Гонгор” сэдэвт өндөр бүтээлийн аян, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”, “Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болон бусад олон төрлийн цаг үеийн ажлуудыг томилолтоор ажиллаж байсан газар, хороо, хилийн боомтуудад зохион байгуулан ажилласан нь зохих үр дүнд хүрч, иргэд, байгууллагуудын санал, гомдол, хүсэлт хүлээн авах, зөвлөгөө өгөх “Гааль мэдээлж, сонсож байна” сэдэвт буланг тогтмол ажиллуулсан нь тухайн орон нутгийн хилийн дагуу байрлах сумын болон гаалийн хилээр зорчигчдын талархлыг хүлээж байсан ажил болж байжээ. С.Ганбаатар нь томилогдон ажиллаж байсан газар бүрдээ гаальчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр түлхүү онцгой анхаарал хандуулан тухайн үеийн Улсын гаалийн ерөнхий газрын удирдлагуудад холбогдох асуудлыг тавьж, Замын-Үүд дэх гаалийн газарт 48 айлын 2 орон сууцыг, Завхан аймаг дахь гаалийн хорооны Арцсуурь боомт болон Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хяналт шалгалтын байр /цогцолбор/-ыг, Мөрөн суманд гаалийн хорооны албан контор, ажилчдын амьдрах байрыг, Увс аймгийн Боршоо боомтод ажилчдын 4 айлын сууцыг шинэчлэн өөрчилж 8 айлын сууц болгох санал оруулан шийдвэрлүүлсэн ба Дорнод аймагт 24 айлын сууц бариулах талаар санал оруулж 2014 оны төсөвт тусгуулан ажилласан. Тэрээр Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа Цагааннуур дахь хилийн боомтын цэвэр усны худгаас гарч байсан ус чанарын шаардлага хангахгүй бохирдсон байсан асуудлыг аймгийн захиргаанд тавьж, тендер зарлуулан зохих журмын дагуу шинээр ус цэвэршүүлэгч аппарат тавьж шийдвэрлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хорооны дарга /2012 он/

       С.Ганбаатар  гаалийнбайгууллагын олон газарт ажиллахдаа  дан ганц гаалийн байгууллагын үйл ажиллагаанд анхаарал хандуулахын зэрэгцээ сум орон нутгаас баримталж байсан 89 чиглэлийн бодлогыг дэмжиж, алс хязгаар хилийн боомтуудын онцлогт тохируулан тухайн орон нутаг, сумын иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх үүднээс төрийн үйлчилгээний ажилчдыг тус гаалийн газар, хороодод авч ажиллуулснаар нийтдээ сүүлийн жилийн хугацаанд нь давхардсан тоогоор 103 хүнийг ажилтай болгосон ба Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа урьд нь тус гаалийн газарт ажиллаж байгаад үндэслэлгүй халагдсан байсан 2 ажилтанг авч ажиллуулсан ба ажлын шаардлагаар орон нутгаас 6 ажилтанг зохих журмын дагуу авч ажиллуулж байсан. С.Ганбаатар ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороодод ажиллаж байх хугацаандаа хамт олноо удирдан зохион байгуулж хилийн боомтоор нэвтэрсэн 1,8 сая гаруй зорчигч, 1,9 мянган тн бараа, 1,4 сая ширхэг тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад хамруулж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаалийн болон бусад албан татваруудыг ногдуулж, улсын төсөвт төвлөрүүлж, захиргааны холбогдолтой 244 зөрчлийг илрүүлэхэд хяналт тавин ажиллаж байв.

          Сүүлийн хоёр жил орчим хугацаанд ГЕГ-ын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, Сургалт судалгааны төвд ГУБ-Багшаар томилогдон ажиллаж байх хугацаанд ГЕГ-аас хэрэгжүүлж буй гаалийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гаалийн олон талт үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах чиглэлээр нэгдсэн судалгаа явуулж, тус төвд зохион байгуулагдсан Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний давтан курс 4 удаагийн, Гаалийн байгууллагын анхан шатны ажилтныг бэлтгэх “Чиглүүлэгч” курс болон бусад сургалтуудаар нийт 200 гаруй ажилтануудад гаальчдын мэргэшил, мэдлэгийг өргөжүүлэх чиглэлээр хичээл зааж, гаалийн байгууллагын чадавхийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. С.Ганбаатар нь хүнтэй ажиллах, багаар ажиллахыг илүүд эрхэмлэн, эвсэг хамтач, сахилга хариуцлагатай хамт олныг бүрдүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажилладаг зарчимтай удирдах ажилтан юм. Энэ боломж давуу талаа томилодон ажилласан гаалийн байгууллага, нэгж бүрийнхээ ажлыг өөд татаж гаалийн хяналт шалгалт, хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх, төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд онцгой анхаарч ажилладаг тэргүүний ажилтан гэж гаалийн удирдлага зүй ёсоор үнэлдэг ажээ.

         С.Ганбаатар дарга улсад нийтдээ  31 жил, үүний дотор гаалийн байгууллагад 25 жил ажиллахад түүнийг ажлын хариуцлага, санаачлага сахилга бат, сайтай, хамт олондоо нэр хүндтэй гэж ажилтан гэж үнэлэгддэг ажээ. Хөвсгөлийн хорьдол сарьдал Их Сияаны нуруу\миний мэдэх их бага Сант\, алс баруун Алтай, Өлгийн эгц хадан уулс, Увс Хархираагийн их уулс, ангам халуун элсэн говь, Дорнын ээрэм их тал гээд түүнд  яваагүй эх орныхоо хязгаар нутаг, томилогдон ажиллаагүй гааль бараг үгүй гэж хэлэхэд болно. Тэрээр ажилласан газар бүртээ байнга шинэчлэлийн урин дулаан салхи оруулж, гаалиа, гаальчдаа гэсэн чин сэтгэлээр хандаж ажил албаа залгуулж ирсэн ажээ. Миний томилогдон ажиллаж байгаад ирсэн Ханхын гаалийн хороонд түүний олон жил ажиллаж байх үедээ  явуулж  байсан гаалийн ажил хэрэг, хяналт шалгалт, бүрдүүлэлт, зөрчил болон бусад гаалийн байгууллагын орхиж болохгүй аж ахуй хийгээд бүтээн босголтын ажлууд бүхий л түвшинд боломжийн сайн хийгдэж байжээ. Өнөөдөр ч Ханхын гаалийн хорооны  хамт олон түүнийг дурсан санаж ам сайтай байхыг миний бие мэдэрч  явлаа. С.Ганбаатар хамтран ажиллаж байсан олон гаалийн байгууллагын хамт олны дунд үнэ хүндтэй байхын зэрэгцээ тэдэнтэйгээ олон сэжмээр холбогдож, хийж бүтээсэн  тодорхой ажилтай,  хэлж ярих үгтэй энэ хүний амьдралын зам мөрийг өөдрөг сайхнаар ярих үед олон гаальчид хүлээн зөвшөөрөх байхаа. Миний бие Ханхыг гаалийн хороонд хэсэгхэн зуур ажиллаж байхдаа энэ эрхэм гаальчины олон жилийн хугацаанд гааль хамт олноо удирдан ажиллах үедээ хийж бүтээсэн бүхний ач тусыг хүртэхийн  жинхэнэ хүнийх нь мөн чанарын хувьд бахархах сэтгэл төрж явлаа. Ханхын гаалийн хорооны найман айлын орон сууцны улаан шугамыг татаж эхлүүлээд гаальчдын барилгыг дуусгаж амжаагүй дараагийн гаалийн газарт шилжин ажилласан юм байна лээ. Тэрчлэн тухайн гаалийн хороонд орсон хөрөнгө оруулалт Ганбаатар даргыг ажиллах үед түүний багагүй хүчин чармайлтаар ашиглалтад  орсныг нягтлан-ГУБ  Лхамсүрэн надад ярьж байсныг тодхон санаж байна. 2015 онд Дарханы гаалийн газарт томилогдон ажиллаж байхад Дарханы гаалийн газрын дарга Б.Алтангэрэл, ахлах байцаагч Ш.Бямбажав бидний хэдэн хүн энэ эрхэм хүмүүний тухай яриа өрнөхөд “Ганбаа дарга бол ясны гаальчин хүн шүү, шалгагчаас эхлээд л ажилласан, мэргэжлийн хувьд адарматай замаар өсөж дэвжсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн  ид эртэй аатай үедээ монголын гаалийн олон ч газар, хороонд  удирдлагын хүрээнд ажиллажээ. Түүнийг гаальчид бид хүндэлж явдаг юм. Хүндлэхээс өөр аргагүй хүн” гэж өгүүлж байсан даа. Энэ мэтээр түүний тухай олон сайхан дурсамж яриа монголын гаальчдаас дурсан ярих нь дамжиггүй. Тандаа ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

Ярилцлагыг эмхэтгэж найруулсан   Гаалийн улсын байцаагч,

Гаалийн зөвлөх Б.Эрдэнэбаяр

2017.10.20

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн