Дорнод аймаг нь 1564.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Хойд хэсгээрээ ОХУ-ын Чита мужтай, зүүн болон өмнөд хэсгээрээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай, баруун талаараа Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Баян-Овоо сумдтай, баруун урд хэсгээрээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдтай тус тус хиллэдэг.
Далайн түвшнээс дээш 560-1300 м өргөгдсөн, нутаг дэвсгэрийн 30 хувийг ойт хээр, 70 хувийг хээр тал эзэлдэг бөгөөд Дорнод аймагт улсын хэмжээний хадлангийн талбайн 54 хувь, тариаланд тохиромжтой талбайн 22 хувь, бэлчээрийн талбайн 10 хувь байдаг.
ТУС ГАЗРЫН ОНЦЛОГ:
- БНХАУ, ОХУ-тай хил залгаа бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг.
- Хамгийн олон салбар боомт, хяналтын бүстэй
- Өөр хоорондоо болон гүний гаалиасаа 140-460 км алслагдсан салбар боомтуудтай
- Авто зам, төмөр зам, агаарын зам, усан хилтэй
- Хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн болон гаалийн бүрдүүлэлтийн 75-85 хувийг түүхий нефть, газрын тос, уул уурхайн чиглэлийн бараа бүтээгдэхүүн эзэлдэг
- Салбар, боомтууд 2 талын болон олон улсын чанартай, байнгын болон уртасгасан хугацаагаар ажилладаг
Монгол орны хамгийн нам дор цэг болох Хөх нуурын хотгор манай аймгийн нутаг дэвсгэрт байдаг /д.т.д 556 м/ бөгөөд нутгийн хойд хэсэгт оршино. Жилийн 241-260 өдөр нь нартай цэлмэг, 150-300 мм хур тунадас унадаг, цаг агаарын дундаж температур өвөлдөө 27 хэм, зундаа 21 хэм орчим байдаг. 120 гаруй гол нууруудтай. Дорнод талын үзэсгэлэн болсон Буйр нуур нь д.т.д 583 метрт 615 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг, 50 м гүн, 20 гаруй төрлийн агнуурын загастай.
Аялал, жуулчлал хөгжүүлэх ихээхэн ирээдүйтэй бөгөөд Х-ХI зууны Киданы үеийн Хэрлэн бар хот, Хэрмэн зам, ХIХ зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант хүн чулуунууд, Угтамын хийдийн туурь, Халхголын байлдааны ялалтын хөшөөнүүд гэх зэрэг түүх дурсгалын олон газруудтай.
Засаг захиргааны 14 сум, 58 багтай. Одоогийн байдлаар нийт 22.1 мянган өрхөд 74.8 мянган хүн амьдарч байна. Аймгийн нийт хүн амын 67.5% нь халх, 22.8% нь буриад, бусад хувийг барга, үзэмчин, дариганга, дөрвөд ястнууд эзэлдэг бөгөөд өөрөөр хэлбэл Дорнод аймгийн нийт хүн ам нь Монгол улсын нийт хүн амын 2.5%-ийг эзэлж байгаа юм.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН БҮТЭЦ